Thursday 29 April 2021

Илгэн гутлыг ингэж эдлэ


 Цэгцтэй, цэвэрхэн хувцаслахыг эрхэмлэдэг хүмүүсийн сонгох дуртай сонголт илгэн гутал хэдий ч зарим нь цэвэрлэгээнээс нь эмээж сонголтоо өөрчлөх нь олонтаа. Яахын аргагүй, тоос шороо ихтэй манайх шиг оронд илгэн гутал өмсөхөд хэцүү. Ядаж арьсан гутал шиг нэг сайхан өнгөлөхөд өнгө орж, гялалздаггүй, илүү арчилгааг шаарддаг. Гэсэн хэдий ч дурлаж сонгосон хүмүүсийн хувьд илгэн гутлаа буруу арчилж, эдэлгээ чанарыг нь муутгах тал бий. 

Хэрэглэх материал

  • Илэг цэвэрлэх резинэн шотик
  • Гутал цэвэрлэх үстэй шотик
  • Баллуур
  • Шүршдэг илэг цэвэрлэгч
  • Саван
  • Үстэй жижиг шотик

Үстэй шотикоороо илгэн гутлынхаа шороог сайн цэвэрлэж, унагаана. Илэг дээр тогтсон мэдэгдэхүйц шороог унагаасан бол резинэн шотикоор нүдэнд харагдахгүй жижиг тоос шороонуудыг үрж цэвэрлэнэ. Дараа нь мэдэгдэхүйц өнгөлөг болсон байх болно.


Илгэн материал дээр толбо тогтохдоо амархан. Тиймээс тэрхүү толбо бүрийг баллуураар сайн баллуурдаж арилгана. Сайн үрвэл толбонууд бүдгэрч, арилна. 


Савангаа усанд хөөсрүүлж, тэрхүү хөөсөөр нь жижиг шотикоороо тоос шорооноос салгасан гутлаа шотиктиж угаана. Сайн хөөсрүүлж угаах хэрэгтэй. Гутлаа шууд савандаж болохгүй шүү. Шарлах эрсдэлтэй учраас зөвхөн хөөсөөр нь шотиктин угаана. Чийгтэй цэвэр алчуураар хөөсийг нь сайн цэвэрлэж, 10 минут хэртэй хатаах хэрэгтэй. Хэт чийглэж болохгүй.


Ингээд цэвэрлэгээ дууслаа. Илгэн гутал нь хатсан бол илэг сэргээгч шүршигчээр гадаргууг нь бүхэлд нь шүршиж цэвэрлээрэй. Ингээд л илгэн гутал тань шинэ мэт л гялалзлаа. 





No comments:

Post a Comment

Note: only a member of this blog may post a comment.